Навчит ногоо таны эрүүл мэндэд тустай

Төрөл бүрийн навчит хүнсний ногоог тогтмол хэрэглэхэд бие махбодид зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн бодисоор хангаж, эд эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж олон өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Навчит ногооны эрүүл мэндийн ач тус

Навчит ногоо нь тос бага агуулдаг, эслэг, фолийн хүчил, С аминдэм, магни, кали зэрэг аминдэмээр баялаг, лютэйн (lutein), бета-криптоксантин (beta-cryptoxanthin), зиаксантин (zeaxanthin), бета-каротин (beta-carotene) зэрэг фитохимийн нэгдлүүдийн эх үүсвэр болдог.  Судлаачид хоногт хэрэглэх навчит ногоог нэг нэгжээр нэмэгдүүлэхэд зүрх судасны өвчний эрсдэлийг 11%  бууруулах боломжтойг судалжээ (Rao, 2007).

 

 

 

Навчит ногоо магни ихтэй бөгөөд цусан дахь саахрыг нэмэгдүүлэх нөлөө багатай учир чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчилсөн хүн хэрэглэхэд тохиромжтой.  Навчит ногоо нь К аминдэмээр баялаг тул ясны эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй остеокальцин (osteocalcin) хэмээх уураг нийлэгжихэд оролцдог. Дунд насны эмэгтэйчүүд өдөрт нэгээс илүү нэгж навчит ногоог хэрэглэхэд ташаа, сүүжний яс хугарах эрсдэл 45% буурдаг байна. Навчит ногоо нь төмөр, кальцийн гол эх үүсвэр болдог төдийгүй А аминдэмд хувирдаг бета-каротиноор баялаг тул бие махбодийн дархлааг сайжруулдаг (Craig, 2010).

Навчит ногоонд байдаг лютейн болон зиаксантин зэрэг каротинойд нь нүдний линз, торлог бүрхэвчинд хуримтлагдаж нүдийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр нь ахимаг насанд тохиолддог нүдний болор цайх, нүдний хараа муудах, сохрохоос хамгаална.  Зарим судалгаагаар лютейн болон зиаксантин нь хөхний, уушгиний хорт хавдрын эрсдэлийг бууруулж зүрх судасны өвчин, цус харвалтаас сэргийлэхэд тустай гэж үздэг (Craig, 2010).

Навчит ногоо нь төрөл бүрийн каротинойд, флавонойд зэрэг хорт хавдраас хамгаалах үйлчлэлтэй, хүчтэй антиоксидантуудыг агуулдаг (Narisawa, 1996). Шведийн эрдэмтэд долоо хоногт гурваас дээш нэгж навчит ногоо хэрэглэх нь ходоодны хорт хавдрын эрсдэлийг ихээхэн бууруулдаг тухай тэмдэглэжээ.

Байцаа, цэцэгт байцаа, брокколи байцаа зэрэг нь бүдүүн гэдэсний болон бусад хорт хавдраас хамгаалах үйлчлэл бүхий индол, изотиоцианит (isothiocyanates) зэрэг бодисуудаар баялаг. Сульфорафан (sulforaphane) хэмээх хорт хавдраас хамгаалах үйлчлэл бүхий бодис нь брокколи байцааны нялх соёолжид (3-4 хоногт ургасан) боловсорч гүйцсэн үеийнхтэй нь харьцуулахад 10 гаруй дахин их агуулагддаг. Навчит ургамлын түлхүү хэрэглээ нь хөхний ба арьсны хорт хавдрын эрсдэлийг нилээд хэмжээгээр бууруулдаг болох нь тогтоогджээ. Навчит ногоонд антиоксидант, үрэвслийн ба хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий кверцитин (Quercetin) хэмээх флавонойд агуулагддаг. Навчит ногоо нь эрдэс, аминдэмээр баялаг, илчлэг багатай тул жин бууруулах хоолны дэг баримтлаж буй үед хэрэглэх нь тохиромжтой. 

Навчит ногоог хэрэглэхийн өмнө давсны сулавтар уусмалд хийж 10-15 минут орчим байлгахад шороо, тоос, хөдөө аж ахуй хортон шавьжны өт, авгалдай зэрэг нь гадагшилдаг. Үүний дараа дараа цэвэр усаар зайлаад төрөл бүрийн салат, зуушинд шинээр нь хэрэглэхээс гадна шөл, үндсэн хоол, хачирт хэрэглэнэ.

 

НИЙТЛЭСЭН:

2016/08/09


author

Нямсүрэн Оюундарь


НИЙТЛЭЛИЙГ ТҮГЭЭХ: